Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 17 хоног гүйж, өнөөдөр /2023.7.24/ зорьсон газартаа хүрлээ.
Тэрбээр Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн түүхт 50 жилийн ой, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-т зориулсан гүйлтээ 2023 оны 7 дугаар сарын 07-нд Сүхбаатарын талбайгаас эхэлсэн бөгөөд нийт 611 километр замыг амжилттай туулжээ.
Хурандаа Б.Цэвээндашийг Хэнтий аймгийн Дадал сумын удирдлагууд Нутгийн удирдлагын ордондоо хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, тус сумын 100 жилийн ойн медаль гардуулсан байна.
Цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулж, спортоор хичээллэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалан, зорьсон газартаа амжилттай хүрсэн Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.