(Эмнэлгийн ажилтны өдөрт зориулан бэлтгэв)
“Өдий насандаа эцэг эхээс өгсөн энэ нэрийнхээ өмнө хоригдол гэдэг үг оруулсандаа гутраад байх юм. Дээрээс нь энэ өвчин хууч” гээд 50 эргэм насны эрэгтэй толгой гудайж, нулимсаа арчив. Сэтгэцийн эмчтэй 1 цаг гаруй ярилцсаны эцэст тэрбээр, “Эндээс гараад ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж, илүү их хичээнэ ээ. Ханийнхаа миний төлөө гэсэн үг, үйлдэл бүрд сайн сайхнаар хариу барина” гэсээр гарч одов. Түүнтэй ярилцсан алба хаагч бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн их эмч, ахмад Б.Гомбо байлаа.
Гадаах сандал дээр нь суугаад эмнэлэгт хэвтсэнээ эргэж байгаа халуун савтай цай, тортой юм барьсан хүмүүс, үүднээсээ эхлээд үргэлжилсэн урт цувааны дэргэдүүр алхаж, өвчтөнүүдээ цагийн хуваарийн дагуу үзэж, зовлонг угтаж, жаргалаар үддэг эмч нараас ялгарах зүйл нь гэвэл тэр хос тангарагтан. “Монгол Улсын Төрийн далбааг мандуул” тушаалаар эгнэн жагссан алба хаагчид Төрийн далбаа зүг хараа гарган, Төрийн дуулал эгшиглүүлж, “Болно. Дараагийн ажиллагаанд шилж” тушаалаар өрөөндөө яаран орж, төрийн цэргийн хувцсаа эмнэлгийн халаадаар сольж, ээлжээ хүлээн авахаар эмнэлгийн коридороор алхах ахмад Б.Гомбо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Алба хаагчийн нэг өдөр” фото сурвалжилгын энэ удаагийн зочин. Түүний ээлжээ хүлээн аваад уулзсан эхний өвчтөн нь дээрх 50 эргэм насны эр байв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дотор, мэдрэл, мэс заслын тасагт өнөөдрийн байдлаар 80 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурав нь олон улсын ангиллаар сэтгэцийн өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтад орсон гурван хүмүүжигчийг ахмад Б.Гомбо эмчилж байна. Үүнээс гадна бусад тасагт эмчлүүлж байгаа өвчтөнийг сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай гэж үзвэл очиж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа бусад хорих ангиудаас дуудлага ирсэн тохиолдолд очиж, хүмүүжигч нарт зөвлөгөө өгдөг байна.
Тус нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүжигчдийн 70-80 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байдаг бөгөөд нэг хүнд үзлэг хийхэд 1-2 цаг зарцуулж, тухайн хүмүүжигчийн өсөж торнисон орчин, гэр бүлийн харилцаа, боловсрол, гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдсэн шалтгаан нөхцөлөөс эхлээд амьдралынх нь бүхий л үеийг сайнтай муутай нь нэг бүрчлэн сонсож, сэтгэл засал хийнэ. Ихэвчлэн бага наснаасаа дарамт шахалт, гэр бүлийн нөхцөл байдал, буруу хүмүүсийн үлгэр дуурайллаас шалтгаалж сэтгэл зүйн гэмтэл авч, гэмт хэрэгт уруу татагдаж, архи дарс, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэж, улмаар сэтгэцийн өөрчлөлттэй болсон байдаг хэмээн ахмад Б.Гомбо ярилаа. Мөн тэрбээр, “Заримдаа гадуур явж байхад хорих ял эдэлж байгаад надаас сэтгэл зүйн зөвлөгөө авч байсан, одоо ажил хөдөлмөр эрхэлж, амжилттай яваа хүмүүс таарна. Тэгээд Та бүхэнд баярлалаа, алдаагаа ухамсарлаж, бие, сэтгэл эрүүл болоод гарч ирснээрээ би өнөөдөр өдий зэрэгтээ явж байгаа шүү гэж хэлэхэд албаараа, ажил мэргэжлээрээ өөрийн эрхгүй бахархдаг” хэмээн дурссан юм.
Эмнэлгийн урт коридороор яаран алхахдаа өвчтөнүүдийнхээ биеийг асууж, заримтай нь эргэж уулзахаа илэрхийлж, дотор, болон мэс заслын тасгийнхаа эмч нараас тэнд эмчлүүлж буй өвчтөнүүдийн сэтгэл зүйг мөн асууж амжина. Ийн сэтгэл гаргах нь тухайн өвчтөний сэтгэл санаа тайван, сэтгэц эрүүл байснаар бусад эмчилгээний үр дүн асар өндөр байдагтай холбоотой гэдгийг ахмад Б.Гомбо онцолсон юм. Сэтгэл санаа тогтворгүй байснаар тархи бодисын солилцоогоо хянаж чадахаа больж, хүний архаг суурь өвчтэй хүний зовуурь нэмэгдэж, эрүүл хүнд ч шалтгаан нь тодорхойгүй зовуурь илэрдэг. Шинжилгээ өгөхөөр эрүүл гардаг хэр нь зовуурилаад байгаа нь тухайн хүний сэтгэл зүрх өвдсөнтэй л холбоо хэмээн тасгийнхаа үзлэгтээ орохынхоо өмнө дурдлаа.
Ингээд тасагтаа орж үзлэгээ эхэллээ. Өвчтөнаас ямар нэгэн зовуурь байгаа эсэхийг асуунгаа сэтгэл санаа нь тогтвортой байгаа эсэх, шөнө бүтэн нойртой хонож чадаж байгаа эсэхийг ч асууж, зөвлөгөө өгнө. Ингэхдээ, “Сэтгэл санаа бол нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй эрхтэн. Энэ эрхтнээ эрүүл байлгаж чадвал та эндээс гараад хайрт хань, үр хүүхдэдээ очиж, ажил хөдөлмөр эрхэлж, амжилтад хүрнэ” гэж урам зориг, итгэл найдвар тээсэн үгсийг өвчтөн бүрдээ хэлэх аж. Мөн тухайн өвчтөнд илэрч буй зовуурь шаналал хийгээд эдгэрэн сайжирч байгаа бүхнийг нэг бүрчлэн нягт нямбай тэмдэглэж авна.
Тасгийн үзлэгээ дуусаад өрөөндөө ирж, өвчтөнүүдийнхээ биеийн байдлыг эрүүл мэндийн тусгай программд шивэх зуураа “Эмч хүн тасралтгүй хөгжиж, өөрийнхөө олон талын мэдлэг чадвараа үргэлж дээшлүүлж, шинэ технологийг судалж байх ёстой. Тэгэхгүй бол шинэ үеийн нөхцөл байдалтай уялдаж чадахгүй, хоцрогдох асуудал их үүсдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Гэхдээ байгууллагын онцлогоос хамаараад мэргэжил нэгтнүүдтэйгээ тэр бүр уулзаж, холбогдох боломж хомс байдаг аж. Иймд мөр зэрэгцэн ажиллаж буй нөхдийнхөө мэргэжлийг дээшлүүлэх, алба хаагчид, хүмүүжигчдээс эхлээд эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд түгээх зорилгоор эмнэлэгтээ клуб байгуулжээ. Клубт нэгдсэн эмч нар чиглэл чиглэлийнхээ дагуу шинэ мэдээ мэдээлэл агуулсан видео контент бэлтгэж байгааг тэрбээр онцолсон юм.
Өвчтөнүүдээ үзэх, ярилцах, бусад тасгийн өвчтөнүүдийг үзэх, дуудлагаар бусад ангиудад очихоос эхлээд ахмад Б.Гомбын ажил тасралтгүй үргэлжилнэ. Гэсэн ч тэрбээр ажлын хажуугаар судалгаа, шинжилгээний ажлаа ч орхилгүй үргэлжлүүлж байна. Тухайлбал, 2019-2021 онд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөний дунд сэтгэл зүйн судалгаа хийж, түүнийгээ Шүүхийн сэтгэцийн эмгэгийн тасгийн 50 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж байжээ. Харин одоо хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл зүйн байдлын талаарх судалгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран эхлүүлээд байгаа бөгөөд 50 хувийн явцтай байгаа аж. Уг судалгааг бүрэн дуусгасны дараа хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлж, түүнийг сайжруулах ямар үйл ажиллагаа явуулбал тохиромжтой байх талаар томоохон дүгнэлт гарна хэмээн тооцож байгаа юм.
Үндсэн чиг үүргийнхээ хажуугаар тэрбээр өөрт нь хандсан алба хаагчдад ч зөвлөгөө өгдөг байна. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй энэ нийгэмд чиг үүргийнхээ дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид хувь үзэл бодлоосоо үл хамааран тушаалаар үүрэг гүйцэтгэдэг. Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн гэмтэл авах нь түгээмэл байдаг аж. Алба хаагчдынхаа сэтгэл зүйг засах нь тухайн хүний ажлаас халшрах хам шинжийг багасгаж, илүү итгэл үнэмшилтэй, тууштай, эрч хүчтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг тул байгууллагынхаа хүний нөөцөд ч тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж буй алхам юм. Нийгэм Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хүнийг хорьж цагддаг байгууллага гэж хардаг. Гэхдээ амьдралдаа алдаж эндсэн хүнийг засан сайжруулаад, буруу зуршлыг нь багасгаад, эрүүлжүүлээд, нийгэмтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог байгууллагынхаа их үйлсэд гар бие оролцож байгаагаараа би маш их бахархдаг хэмээн ахмад Б.Гомбо бахархан ярилаа. Тиймдээ ч энэ байгууллагад ажилд орж буй залуусыг тууштай ажиллаасай гэж хүсдэгээ дурдав.
Хүүхэд ахуй цагаасаа хил хамгаалах болон цагдаагийн байгууллагад ажилладаг авга ах нарынхаа хувцас, биеэ авч явааг нь үлгэрлэн дуурайж, цэргийн л хүн болно доо гэсэн мөрөөдөл тээж, цэрэг-спортын “Дөл” тэмцээнд ч хэд хэдэн удаа амжилттай оролцож байсан Б.Гомбо ар гэрийнхнийхээ шахалтаар арга буюу Анагаахын их сургуульд элсэн суралцжээ. Гэхдээ түүний энэ сонголт буруу биш байсныг хожим аавыгаа бурхны орныг зорихынх нь өмнө асарч байхдаа ухаарчээ. Ингээд сургуулиа дүүргэж, эрүүл мэндийн байгууллагуудыг судалж байхдаа мэргэжлээ мөрөөдөлтэйгөө хослуулах боломж байгааг олж мэдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг байлаа. Ингэж тэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өргөн үүдийг татаж, эмчийн тангаргаа төрийн цэргийн тангарагтай хослуулан өргөж, эдүгээ 9 дэх жилдээ ажиллаж буй чадварлаг алба хаагчдын нэг билээ.
Төрийнхөө өмнө тангараг өргөн зүтгэж яваа алба хаагчийн маань ажлын нэг өдөр энд хүрээд өндөрлөж байна.