МӨР ЗЭРЭГЦЭН АЖИЛЛАЖ БАЙСАН НӨХӨД МИНЬ НИЙГМИЙН ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ, ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭЖ ИРСЭН

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрийн залуу нас, ажил амьдралаа зориулан тодорхой цаг хугацаанд амжилт бүтээлтэй ажиллаж байсан ахмад ажилтнуудынхаа үйлс, алдар гавьяаг таниулах, залуу хойч үедээ туршлагаа өвлүүлэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор тэдний ажил хөдөлмөр, амьдралын замнал, амжилт бүтээлийн талаар мэдээлэл хүргэхээр ярилцлагын буланг хүргэж байна. Энэ удаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд ярилцлаа.

 

Ярилцлагын булангийн анхны зочин болж, бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө товч танилцуулна уу? 

        Баярлалаа. Намайг Гэсэржавын Ганболд гэдэг. Би 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1980 онд Төв аймгийн арван жилийн дунд сургууль, 1986-1991 онд Зөвлөлт холбоот улсын Рязань хотын Дотоод явдлын яамны дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2001-2003 онд Оросын холбооны улсын Москва хотын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр. Хууль сахиулах их сургуулийн докторант.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хэрхэн ажил, амьдралаа холбосон бэ?

         1980 онд 10 дугаар ангиа төгсөхөд аав минь Мөнгөн морьт дахь хорих ангид улс төрийн орлогчоор ажиллаж байсан. Тухайн үед аав миний хувийн хэрэг, материалыг НАХЯ-ны боловсон хүчний газарт өгснөөр 1980 онд Дарьт дахь Хүүхэд хүмүүжлийн ангид хянагчаар орж, ажлын гараагаа эхэлсэн. 1985-1986 онд Багануур дахь хорих ангид хүмүүжүүлэгч, 1991-1993 онд хорих 417 дугаар ангид сэтгэл зүйч, ахлах арга зүйч, 1993-1997 онд Хорих байгууллагуудыг удирдах газарт ахлах мэргэжилтэн, 1996-1998 онд Мааньт дахь хорих ангийн дарга, 1997-2001 онд хорих 405 дугаар ангийн дарга, 2003-2004 онд Цагдаагийн Академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн факультетийн эрхлэгч, 2004-2007 онд хорих 405 дугаар ангийн даргаар томилогдон ажиллаж байлаа. Энэ сайхан байгууллагадаа 30 гаруй жил ажилласан.

         Тухайн үеийн болон хамт ажиллаж байсан алба хаагчдынхаа талаар эргэн яриагаа үргэлжлүүлэх үү?

       Хамт ажиллаж байсан удирдлага, алба хаагчдын талаар эргэн дурсахдаа үнэхээр таатай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд минь хувийн амьдралаа бодохоос илүүтэйгээр нийгмийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албандаа хоёргүй сэтгэлээр хандаж ирсэн. Тус байгууллагыг хошууч генерал Ж.Содном, хошууч генерал Л.Гарамжил, бригадын генерал Д.Батжаргал, бригадын генерал М.Ганхүү, бригадын генерал Б.Билэгт, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал Д.Дамдинцэрэн, бригадын генерал Д.Загджав зэрэг үе үеийн чадварлаг хүмүүс удирдан ажиллаж байлаа. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар хурандаа О.Амарсанаа томилогдон ажиллаж байна.

            Таны ажиллаж байх үед тохиолдсон дурсамжтай, онцлох үйл явдлын талаар ярьж өгнө үү?

             Би 1996 онд Мааньт дахь хорих 415 дугаар ангийн даргаар томилогдон ажилласан нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл тун тааруу байсан. Зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй учир хоригдлын ахуй нөхцөл тааруухан. Олон хүмүүжигч хоол, унд эрүүл мэндийн хувьд дордож, нас баралт ч тохиолдож байсан. Тухайн үед хошууч генерал Л.Гарамжилын хамт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай биечлэн уулзаж, Мааньтаас олборлодог шохойн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээ хэлцэл хийсэн нь байгууллагын алба хаагч болон хүмүүжигчдийн ахуй нөхцөлийг сайжруулахад маш их хувь нэмэр оруулж байлаа.

           Мөн 1997 онд Таширын ам дахь Гяндан, хугацаагүй хорих 405 дугаар ангид Ашиглалтын өмнөх захиргааны даргаар томилогдон ажиллаж байхдаа хуучин Оросын цэргийн анги байрлаж байсан объектын тендерийг авсан барилгын цэргийн 158 дугаар ангиар засварлуулсан. Гяндан, хугацаагүй анги болгон өөрчлөх бүтээн байгуулалтын барилгын ажлыг нэг жилийн хугацаанд барьж дуусгаснаар Авдрант дахь хорих ангиас гяндангийн ялтан хоригдлуудыг тусгай хамгаалалтын дор нүүлгэн шилжүүлж, хорих 405 дугаар анги байгуулагдсан түүхтэй.Даалгасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн тул Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын тушаалаар хурандаа цолоор шагнагдаж байлаа. Мөн ерөнхий газрын даргын тушаалаар 2001 оны 9 дүгээр сард ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академид тус  байгууллагын анхны суралцагч болох завшаан надад олдсон. Энэ нь цаашид манай байгууллагаас олон залуус тус сургуульд суралцах үүдийг нээж өгсөн бахархам тохиол байсан.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өнөөгийн өнгө төрхийг та хэрхэн харж байна вэ?

        Байгууллагын өмнө тавигдаж байгаа өнөөгийн зорилго, зорилтууд ихээхэн өөрчлөгдөж байна. Байгууллагын үйл ажиллагааг дэлхий нийтийн жишиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн шинэтгэлийн ажлуудыг эрчимтэй хийх, шинэ технологийг харуул хамгаалалт, үйлдвэрлэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л шатанд нэвтрүүлэх олон ажил хийгдэж байгаа нь байгууллагын өнгө төрх, нэр хүндийн илэрхийлэл юм.

        Таны ажил, мэргэжлийг уламжлан авч яваа залуу хойч үедээ юу гэж захих вэ?

        Ажиллаж байх хугацаандаа олон залуусын ажил, амьдралыг чиглүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг. Миний хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ хоёргүй сэтгэлээр  биелүүлж яваарай гэж захих байна даа.

Add comment

reload, if the code cannot be seen