Байгууллагын товч түүх

          Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Улсын иргэний хамгаалалтын газрын эзэмшилд байгаа тусгай зориулалтын барилга байгууламжийг Хорих байгууллагуудыг удирдах газарт шилжүүлэн уг байранд гяндан, хугацаагүй хорих тусгай салбарыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудал тусгагдан 1996 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 116 дугаар тогтоолоор уг барилга байгууламжинд зохих засвар үйлчилгээг хийхэд шаардагдах 110 сая төгрөгийн хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэж 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын “Хугацаагүй хорих тусгай салбар, гяндангийн ялтнуудыг нүүлгэн шилжүүлэх” тухай а/47 дугаар тушаалаар Авдрант дахь хорих 403 дугаар ангид байрлаж байсан Хугацаагүй хорих тусгай салбар, гяндангийн ялтнуудыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Таширын аманд нүүлгэн шилжүүлж байршуулан хорих 405 дугаар анги гэж нэрлэн анхны даргаар нь хурандаа Г.Ганболд томилогдож үйл ажиллагаа нь эхэлсэн.

          Тус ангийн даргаар 1998-2002, 2005-2007 онд хурандаа Г.Ганболд, 2002-2005 онд хурандаа Н.Энхтуяа, 2007 онд хурандаа Д.Ганхуяг, 2007-2010 онд хурандаа Г.Тэрбиш, 2010-2012 онд хурандаа Б.Баатаржав, 2012-2017 онд хурандаа С.Батсайхан, 2017-2019 онд хурандаа П.Гантөмөр, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дэд хурандаа Ц.Хишигбаяр, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс дэд хурандаа Б.Ууганбаатар тус тус томилогдон ажиллаж байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1063 дугаар тушаалаар “405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги” гэж тус ангийн нэршлийг өөрчилсөн.

          Тус анги нь захиргаа, санхүү, аж ахуй, харуул хамгаалалтын албанд батлагдсан 90 орон тоотойгоор хоригдолд оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль журамд заасан чиг үүргийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.

          Тус анги нь 2003, 2005 онуудад “Оргодолгүй хамт олон”, 2013 онд “Бүтээн байгуулагч хамт олон”, 2014 онд “Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангасан байгууллага”,  2017 онд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд үйл ажиллагааны үзүүлэлтээр 3 дугаар байр эзэлж Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдсан.

          405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Таширын аманд байрладаг.

Back to top button