“БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төслийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд амжилттай зохион байгууллаа.
Уг төслийн үйл ажиллагааг Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Их-Уул сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд “Мөнхөд дуурсагдах баатрууд” ТББ, “Генералуудын гэргий” клуб, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй хүн хамрагдлаа.
Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг түүхчлэн харуулсан видео танилцуулгыг сурагчдад үзүүлснээс гадна Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Цогтсугар “Эх оронч үзэл, Монгол эх орон, Монгол хүний бахархал”, доктор А.Малайка, сэтгэл зүйч Д.Оюунномин нар “Монгол бахархал”, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг төлөөлөн 11 дүгээр ангийн сурагч А.Цэрэнбат “Эх орон” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн нь хүүхдүүдийн бахархлыг төрүүлж байлаа. Мөн үйл ажиллагааны үеэр “Мөнхөд дурсагдах баатрууд” ТББ-ын үзмэрүүдийг сурагчдад танилцуулав.
Улс, эх орноо хайрлах, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой тус төслийн үйл ажиллагааны төгсгөлд Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн клубын гишүүн, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин Ц.Энхдаваа Монгол түмний ёс заншлын илэрхийлэл болсон бий биелгээний анхан шатны хичээлийг заасан юм.

Add comment

reload, if the code cannot be seen