Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИАС…

198 дугаар зүйл: Нээлттэй хорих анги

198.1 Нээлттэй хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.

198.3 Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарлахгүй.

198.4 Нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 7 хоногт нэг удаа түр, 45 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 7 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болох бөгөөд захдал илгээх тоог хязгаарлахгүй.

199 дүгээр зүйл: Хаалттай хорих анги

199.1 Хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна. Тусгай зэрэглэл нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ганцаарчлан ял эдлүүлэх тусгай нэгжтэй байна.

199.5 Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.

200 дугаар зүйл: Хаалттай хорих ангийн тусгай нэгжид ял эдлүүлэх

200.4 Хоригдол 180 хоногт хоёр удаа түр уулзалт хийж, 30 хоногт нэг удаа захидал явуулж, 90 хоногт нэг удаа илгээмж авч болно.

233 дугаар зүйл: Түр ба удаан хугацааны уулзалт

233.1 Уулзалтыг хорих ангийн даргын зөвшөөрлөөр ерөнхий жижүүр, эсхүл ээлжийн дарга зохион байгуулна.

233.2 Түр болон удаан хугацааны уулзалтын үед хууль, хорих ангийн дотоод журмыг биелүүлэх талаар хорих ангийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй болон дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож, энэ тухай зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд мэдэгдэж, уулзалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

233.3 Хорих ангийн алба хаагч уулзалтад хяналт тавьж, хоригдолд өгч байгаа хүнсний болон бусад эд зүйлд үзлэг, шалгалт хийх бөгөөд хоригдолд өгөхийг хориглосон эд зүйлс үзлэг, шалгалтаар илэрсэн тохиолдолд тэдгээрийг түр хурааж, уулзалт дууссаны дараа уулзалтаар ирсэн этгээдэд буцаан өгч, тэмдэглэл үйлдэн хоригдлын хувийн хэрэгт хавсаргана.

233.4 Хоригдлын хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, төрөл садны хүн болохыг нотолсон хууль ёсны баримт бичиггүй этгээдтэй удаан хугацааны уулзлалт хийлгэхийг хориглоно.

ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРМААС…

Арван тав: Түр, удаан хугацааны уулзалтыг зохион байгуулах

15.1 Уулзалтаар ирэгсдийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхгүй бол бүртгэлийн байгууллагын лавлагаа, гэр бүлийн баталгаа, түүний хуулбарыг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч, баримт бичгийн бүрдлийг шалган, хорих ангийн дэглэм, зэрэглэлийн дагуу хуулиар тогтоосон уулзах хугацааг магадлан тодорхойлно.

15.2 Түр уулзалтын хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байх ба 1 удаа 5-аас доошгүй хүнтэй уулзалтыг зохион байгуулна.

15.3 Уулзалтын хүсэлтийг ажлын өдрийн 0900-1600 цагийн хооронд хүлээн авч уулзуулах эсэхийг шийдвэрлэн, амралтын өдөр, ажлын бус цагт тухаын хорих ангиас алслагдсан өөр хот, аймаг, сумаас ирэгсдийг уулзуулах асуудлыг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.

15.4 Уулзах хүсэлт гаргасан хүнтэй хоригдол уулзахыг хүсээгүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана.

15.5 Хамгаалалтын ажилтан нь уулзалтаар ирэгсдэд хамгаалалтын бүсэд нэвтрүүлэхийг хориглосон зүйл, уулзалтын явцад анхаарах зүйлийн талаар урьдчилан танилцуулна.

Арван зургаа: Түр хугацааны уулзалт

16.1 Түр уулзалт нь ажлын өдрийн 1000-1700 цагийн хооронд явагдаж дууссан байна.

16.2 Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн ширээ, сандал байрлуулах ба аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгаарлан тоноглож болно.

Арван долоо: Удаан хугацааны уулзалт

17.1 Удаан хугацааны уулзалтын байр ор, ширээ, сандал, хүнсний зүйл хадгалах шүүгээтэй байхын зэрэгцээ хоол бэлтгэх, боловсруулах өрөөтэй байна.

17.2 Уулзалтаар ирэгсдийн хувийн хэрэгцээнд хэрэглэх 20 кг-аас дээшгүй хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлсийг удаан хугацааны уулзалтын байранд нэвтрүүлж болох бөгөөд хүнсний чанар, аюулгүй байдлыг уулзалтаар ирэгсэд өөрсдөө бүрэн хариуцана.

17.3 Удаан хугацааны уулзалтын байр нь төлбөртэй байна. Төлбөрийн хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын тушаалаар тогтооно.

17.4 Уулзалтын байрыг хүүхдийн тоглоомын өрөө, талбайгаар тохижуулна.

Хорь: Хоригдолд чөлөө олгох

20.1 Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 239 дүгээр зүйлд заасны дагуу чөлөө олгоно.

20.2 Хорих ангийн дарга холбогдох баримт бичгийн бүрдлийг нягталж, нийгмийн аижлтан, сэтгэл зүйч нарын гаргасан тодорхойлолтыг үндэслэн тушаал гаргана.

20.3 Хоригдолд чөлөө олгохдоо түүнд хүчин төгөлдөр гадаад паспорт бий эсэхийг тогтоон хураан авна.

20.4 Хорих ангийн дарга хоригдолд чөлөө олгосон тухайгаа, чөлөөгөөр яваа хоригдол орон нутаг дахь хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст бүртгүүлмэгц бүртгэсэн алба хаагч энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа Шуурхай удирдлагын нэгжийн оператив жижүүрт шуурхай мэдээлнэ

Scroll To Top