Гяндангийн ялтан эрх чөлөөтэй иргэн боллоо

Энэ сарын 1-нээс эхлэн Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэв. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ял тэгшитгэлээр зарим ялтнууд суллагдах ёстой. Гэхдээ долдугаар сарын 1 бямба гариг таарсан учир өчигдрөөс /2017.07.03/ эхлэн улсын хэмжээнд байгаа бүх хорих ангиудад шүүх хурал болж, ШШГЕГ-аас шүүхэд хүргүүлсэн 4727 ялтны материалыг хяналаа.

Тодруулбал, шүүгчид 4727 ялтны материалыг хянаж, суллагдах нөхцөл хангасанг нь суллаж, ял буурах, хөнгөрөх ялтнуудыг ялыг бууруулах юм.

Хуулийн хэрэгжилттэй УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү зэрэг ажлын хэсгийн гишүүд танилцлаа.

Ажлын хэсгийн гишүүд онцгой бүс болох ШШГЕГ-ын харьяа 405 дугаар анги буюу гянданд ажиллав. Тус ангийн 85 ялтны материалыг хэлэлцэж, 14.00 цагийн байдлаар долоон ялтан эрх чөлөөт иргэн болсоноо мэдсэн гайхалтай мөч тохиов.

СХД-ийн Эрүүгийн хэргийн шүүгч Ц.Оюунчимэг гурван ялтныг ялаас чөлөөлж байгааг шүүх хурлын үеэр танилцуулсан юм.

Чухам яагаад гянданд ял эдэлж байсан ялтан эрх чөлөөтэй болж байгааг шүүгч Ц.Оюунчимэгийн шүүх хурлын үеэр ялтнуудад танилцуулсаныг тэмдэглэн буулгалаа.

Шүүгчийн захирамжаас….

Ялтан Г та 30 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Шинэ хуулиар хорих ялын дээд хэмжээ 20 жил болсон учраас таны биеэр эдэлсэн 22 жил 3 сар 3 хоногийг дүйцүүлэн ял эдэлсэнд бүрэн тооцож, нэн даруй суллах шийдвэр гарч байна.

Ялтан Б та 1986 оны Эрүүгийн хуулиар 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үеийн хуулиар танхайн сэдлээр санаатайгаар хүний аминд хүрсэн гэж ялласан. Шинэ хуулиар дүйцүүлэхээр танхайн сэдэлт байхгүй учраас шинэ хуулийн 10.1 дугаар зүйлийн 1-т зааснаар ялд дүйцүүлэхээр таны биеэр эдлэх ял 15 жил болж байгаа юм. Харин та 19 жил 11 сар 26 хоногийн биеэр эдэлсэн байгаа тул шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 34, Эрүүгийн хуульд заасан заалтыг журамлан нэн даруй суллах шийдвэр гарч байна.

Ялтан Б та 30 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Шинэ хуулиар хорих ялын дээд хэмжээ 20 жил болсон учир таны биеэр эдэлсэн 21 жилийн хорих ялыг ял эдэлсэнд бүрэн тооцож, нэн даруй суллах шийдвэр гарч байна.

Ийнхүү гурван ялтанд уншсан шүүгчийн захирамжаас хуулийг хэрхэн дүйцүүлж байгааг харж болж байна.

29-хөн насандаа алдаж эндэн өргөст торны цаана орсон ялтан Г өдгөө 51 настайдаа шинэ хуулиар дүйцүүлэн суллагдлаа. Хууль хэрэгжиж эхлээгүй бол тэрбээр 59 насандаа суллагдах байв. Тэрбээр суллагдангуутаа шууд нутаг буцаж ижийтэйгээ уулзахаар яарч байгаагаа хоолой зангируулан ярив.

Ялтан Г “Шинэ хуулиар эрх чөлөөт иргэн болж байгаадаа үнэхээр баяртай байна. Ийм шийдвэр гарна гэж мэдээгүй. Сонсох мөчид үнэхээр их балмагдлаа. Эндээс гараад бушуухан нутаг буцаж, ээж дээрээ очно. Одоо ээж минь 70 гаруй настай. Ял сонсоод гяндан руу ачигдахад 50 хүрч байсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Харин суллагдаж байгаа болон ял нь буурч байгаа ялтнуудад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шинэ Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг бүр халсан. Цаазаар авах ялыг халж бүх насаараа хорих ялыг дүйцүүлж байгаа. Хорих ялын дээд хэмжээ 20 жил болсон. Тиймээс ял эдэлж байгаа та нарын эрхзүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор та бүхний ялыг хорих ялын дээд хэмжээтэй дүйцүүлэн шүүхийн шийдвэрээр эрх чөлөөт иргэн болгож байна. Хүн болгон хуулийн дор амьдардаг гэдгийг та бүхэн маань энэ хугацаанд ухаарч ойлгосон байх гэж бодож байна. Цаашид нийгмийн эрхзүйн эсрэг үйлдэл гаргахгүй. Бусад залуучууддаа үлгэр дуурайлал болоорой. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг суллагдаж, ял хөнгөрч байгаа хүмүүсийн нэг нь л хэрэгт орооцолдвол ялын тэгшитгэлд хамаарч байгаа бүх хүмүүсийг нийгэм даяараа жигшин зэвүүцэх үйлдэл гардагийг мэдэж байгаа байх. Төр шийдвэрээ гаргаж, үйлдсэн гэм бурууг чинь өршөөж байгааг чин сэтгэлээсээ ойлгож, цаашид зөв амьдраарай гэж хүсч байна” хэмээн захилаа.

/Залуу.com сайтын нийтлэлээс/

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top