ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН ЗОХИОЛОО

405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги 2021 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон ангиас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор албаны сургалтад техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх үүднээс ангийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар албаны сургалтанд ашиглах гар утасны аппликейшн шинээр бүтээж хөгжүүлэх “Дэгжил-405” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй томилсон.

Гар утасны аппликейшн зохиох ажлын хэсэг томилсон ангийн даргын тушаал

Албаны сургалтанд ашиглах гар утасны аппликейшн шинээр бүтээж, хөгжүүлэх “Дэгжил-405” хөтөлбөрийн зорилго нь техник, технологийн дэвшлийг ашиглан алба хаагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлага, сэтгэл зүйд суралцуулж, ёс зүйтэй алба хаагчийг төлөвшүүлэхэд орших бөгөөд аппликейшн нь   уншдаг сургалт, сонсдог сургалт, хууль, журам, сэтгэл зүйн өрөө, өөрийн мэдлэгийг сорих буюу шалгах булан, подкаст гэсэн хэсгээс бүрдэж байна.

Унших хэлбэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын болон ангийн даргын тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын боловсруулж батлуулсан 30 хичээл сургалтыг тус аппликейшнд байрлуулсан.

Сонсдог сургалт буюу МРЗ хэлбэрээр Хорих ангийн дотоод журам, Харуул хамгаалалтын журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх журмуудаар нийт 81 минутын сургалтыг бэлтгэн байрлуулсан.

Хууль журам гэсэн өрөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгддөг хууль журмыг Legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системтэй холбож өгсөн.

Аппликейшн бүтээх явцад нийгмийн нөхцөл байдал, цар тахлаас шалтгаалан Covid-19 өрөөг шинээр нээж алба хаагчдын эрүүл мэнд, халдвар хамгааллыг хангах чиглэлээр мэдээллүүдийг байрлуулсан. 

Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний өрөө хэсэгт ажлын байрны стресс, ажлын амжилтад хүрэх сэтгэл зүй, гэр бүлийн сэтгэл зүй, харилцааны сэтгэл зүйн онцлог, аз жаргалд хүрэх 16 эрдэм, гэр бүлийн харилцаа, ёс зүй, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт сэтгэл зүй, тэвэр дүүрэн хайр зэрэг сэдвийн хүрээнд сэтгэл зүйн сургалтыг унших сонсох хэлбэрээр байрлуулсан.

Подкаст өрөөнд “ТВ405” телевизийн студид подкаст бэлтгэн байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Дэгжил-405” аппликейшнийг ашиглаж мэдлэг, мэдээлэл авч буй алба хаагчийн өөрийн мэдлэгийг сорих буюу шалгах булан хэсгийг Google.forms link ашиглан явуулах ба статистик мэдээлэл боловсруулах боломжтойгоор зохион байгуулсан. 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын албан ёсны зөвшөөрөлтэй 50Вт-ын чадалтай телевизийн аналог нэвтрүүлгийн станц болон “ТВ405” телевизийн шууд эфирийн өрөөг албаны сургалтын “Дэгжил-405” аппликейшнтэй уялдуулан шинжлэх ухаан танин мэдэхүй, мэдлэг, боловсрол олгох сургалт, тусгайлан бэлтгэсэн подкаст, ярилцлага, нэвтрүүлэг хийж телевиз, аппликейшний үйл ажиллагааг өргөжүүлэх ажилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. “Дэгжил-405” сургалтын  аппликейшныг олон улсын серверт байрлуулах, Монгол улсын оюуны өмчийн газарт бүртгүүлж хамгаалуулах ажил хийгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button